Thursday, December 5, 2013

Монголыг хөгжүүлэх төлөвлөгөө

Хүн болгоны л толгойд энэ улс орныг яаж хөгжүүлвэл зохих талаар өөрсдийн бодол байдаг гэж боддог. Учир нь гадаа гарахад л амьсгалах аргагүй утаанаас өгсүүлээд, ажилгүйдэл, ядуурал, ёс зүйн доройтол, гэмт хэрэг, хаа сайгүй хөглөрөх хог гэх мэт дэндүү олон асуудал бидний амьдралын цаг мөч хором тутамд тайван амьдрахад саад болж байна шүү дээ. Тийм ч учраас өнөөгийн монголын нийгэмд улс төрчид л хамгийн том одууд байдаг нь тэд нар шилдэг сайндаа бус энэ их олон асуудлыг шийдвэрлэх нь маш чухал, нэн тэргүүний
асуудал тул тэд нар л энийг хийж чадах мэргэн түргэн улсууд гэж найдан харахаас өөр ажил бидэнд байхгүй билээ.

Хэдийгээр миний бие зүгээр нэг энгийн залуу, ямар ч эрх мэдэлгүй, цаашид ч эрх мэдэлд хүрэх нэн эргэлзээтэй тул ингэж бичихээс өөр гарц үгүйг та бүхэн ойлгож тунгаан, элдэв алдаа мадаг байх аваас уучлан хэлтрүүлнэ үү гэж хүсч байна. За ингээд гол сэдэв рүүгээ оръё. 

Бидэнд түмэн асуудал байгаа. Тэр бүхнийг шийдэхийн тулд бидэнд мөнгө, цаг хугацаа хамгийн чухал хэрэгтэй. Гэвч асуудлыг шийдэх нөөц угаасаа хязгаарлагдмал мөртлөө өнөөх асуудал нь маш олон учраас монгол улсыг хөгжүүлэх нь менежментийн асар их хүчин чармайлт шаардах юм. Хамгийн эхэнд бид өөрснөөсөө нэг зүйлийг асуух хэрэгтэй:
  • Улсын төсвийн мөнгийн зөв зүйлд зарцуулж байна уу. /Уг нь татвар төлөгч бидний л мөнгө шүү дээ. Өөрийн мөнгө мэт хандах хэрэгтэй/
  • Бид шийдэх асуудлаа зөв онилж байгаа юу
  • Хийгдэж буй ажлууд хоорондоо уялдаа холбоотой үр дүнтэй байгаа юу
Бэлтгэл ажил:

Тэгэхээр улсыг хөгжүүлэхэд мөнгө, цаг хамгийн чухал гэсэн. Тийм учраас цаг мөнгийг дэмий зүйлд зарцуулахыг хамгийн түрүүнд болих хэрэгтэй. Үүнд төсвийн байгууллагын тансаглалыг хязгаарлах (жийп машин, тансаг оффис гэх мэт зүйлс орно), үр ашиггүй бүтээн байгуулалтаа хязгаарлах (хөшөө дурсгал, өндөр үнэтэй саад, саравч, жорлон гэх мэт), элдэв баяр ёслол (үндэсний баяр наадмыг тэмдэглэх гэж шадар сайд хариуцаад л , өчнөөн тэрбум төсөвлөөд бөөн ажил болох нь бас зөв үү гэж бодогддог. Эвент зохион байгуулдаг хувийн хэвшил зохиоход болох юм шиг санагддаг.), хэрэгцээгүй ажлын байрыг хасах, цомхон бөгөөд маневр сайтай боловсон хүчний нөөцтэй болох зэрэг юм. 

Хийх ажил 1: Асуудлаа тодорхойлох. 

Одоо бид монгол улсыг хөгжүүлэхийн тулд шийдвэрлэх ёстой асуудлаа багцалж тодорхойлох юм. Бид ер нь яг юуны төлөө юунд мөнгө зарцуулаад байгаа нь тодорхойгүй байх шиг санагддаг. Жишээ нь хөдөө рүү их зам тавьж байгаа нь ямар асуудлыг шийдвэрлэхийн тулд вэ. Нээх сайхан тухтай нутаг руугаа очихын тулд уу. Үүний төлөө бид ямар их мөнгө үрж, ямар их золиос гаргаж байгаа билээ. Авто зам тавихаар жоохон ч гэсэн төмөр зам тавьсан бол ачаа барааны эргэлт хурдасч, хөдөө орон нутагт бараа таваар хямдарч, хөдөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг УБ-д зарах боломж нэмэгдэж үйлдвэрлэл хөгжих бус уу. Тэгэхэд зүгээр л нэг ганцхан өдрийн тав тухын төлөө бид асар их зүйлийг алдаж байна. 

Монголд буй томоохон асуудлуудыг гаргаж ирье. Зарим чухал гэснийг нь онцолж байна. 
  • Ажилгүйдэл
  • Орон сууцны асуудал
  • Эрүүл мэнд
  • Агаарын бохирдол
  • Амьдрах орчинг сайжруулах
  • Боловсролын чанар
Хийх ажил 2: Асуудлыг шийдэх дарааллыг тогтоох

Дарааллыг тогтоосноороо тухайн дарааллынхаа дагуу төсвийн хөрөнгө мөнгө болон цаг хугацаагаа төвлөрүүлж ажиллах нь зүйтэй юм. Олон асуудал байхад тэднийг зэрэг шийдэх гэж дайрах нь нөөцийн хомсдолтой байдлаас үүдэн дутуу дулимаг ажлууд дүүрэн болж сунжран маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө хий урсах юм. Жишээ нь одоо цаг үед иргэдийг орон сууцтай болгох асуудлын хувьд авч үзье. Нэг талаас орон сууцны зээлийг маш ихээр дэмжин иргэд орон сууц худалдан авах боломж нэг үеийг бодвол ихэссэн байна. Мөн нөгөө талаас монголын компаниуд мөнгөтэй болж гадаад болон дотоодоос хөрөнгө оруулалт татах өргөн боломж нээгдсэн байна. Гэвч бодит байдал дээрээ тэр хэмжээний орон сууц баригдахад цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны ачааллыг дийлэх дэд бүтцээ шийдээгүй байгаад л хамгийн гол утга учир байгаа юм. Чухамдаа иргэдийг байртай болгох нь зорилго юм бол хамгийн түрүүнд шинээр ДЦС барьж, цэвэр бохирын байгууламжаа өргөтгөн сайжруулах шаардлагатай байсан юм. 

Одоо дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэх дарааллыг өөрийнхөөрөө тогтооё.
  1. Ажилгүйдэл
  2. Орон сууцны асуудал
  3. Эрүүл мэнд
  4. Боловсролын чанар
  5. Амьдрах орчинг сайжруулах
  6. Агаарын бохирдол
Бид хичнээн орон сууц барьсан ч, хичнээн эмнэлэг, сургууль барьсан ч хүмүүст хийх ажил үгүй бол байрыг нь худалдаж авах хүн байхгүй, эмнэлгээр нь эмчлүүлээд, сургуулийг нь төгссөн хүн зүгээр л гэртээ хий дэмий суугаад байвал энэ бүхэн үрэлгэн зардал болно шүү дээ. Тэгээд ч дэлхийн томоохон эдийн засгийн хямралууд үл хөдлөх хөрөнгө ихээр барьсан боловч тэрнийг худалдах худалдан авагчгүйгээс болсон эдийн засгийн хямрал томоохон байрыг эзэлдэг. Иргэн ажилтай, иргэн мөнгөтэй байх нь улс орны хөгжлийн үндэс, эхний бөгөөд эцсийн зорилго байх учиртай гэж боддог юм.

Ажилгүйлийн тухай зарим нэг зүйл нэмж хэлэхэд албан ёсны мэдээгээр монголд одоогийн байдлаар 9,3 хувьтай байгаа гэж байдаг ч энэ дүнг гаргахын тулд ажил идэвхитэй хайж байгаа, хөдөлмөрийн биржэд бүртгүүлсэн иргэдийн нийт хөдөлмөр эрхлэх боломжтой хүнд хувааж гаргадаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байж болох. Өнөөдөр ажилгүй байгаа хүн хөдөлмөрийн биржид бүртгүүлэн үүгээр нь нэгдсэн статистик гарж бодлого гаргахад нөлөөлөх үндсэн мэдээлэл болдог гэдгийг мэддэг иргэн цөөхөн. Ажилгүйдлийн талаарх статистик мэдээнд итгэхэд үнэндээ л бэрх. Үүгээрээ юуг хэлэх гээд байна вэ гэвэл монголд одоогийн байдлаар ажилгүйдэл маш өндөр хувьтай үүнээс болж нийгэмд архидалт, гэр бүл салалт, гэмт хэрэг гэх мэт маш олон сөрөг үр дагавар гарах эхний шалтгаан гэж бодож байгаа юм.

Тэгэхээр энэхүү дараалал нь хүн эхлээд ажилтай, орлоготой, дараа нь орох оронтой, тэгээд эрүүл энх, боловсролтой болоод, эмх цэгцтэй сайхан орчинд амьдраад эцэст нь аяндаа агаарын бохирдол арилах нигууртай гэж бодож байна. Өнөөдөр бид агаарын бохирдлыг устгах гэж утаагүй зуух, шахмал түлш гэх мэтэд хичнээн тэрбумаар үрэх шаардлага бидэнд байна уу л гэж асуумаар санагддаг юм. Тэр их мөнгөө өөр асуудал шийдэхэд зарцуулвал хичнээн үр дүнд хүрчихсэн явах байсан бол. 

Хийх ажил 3: Асуудлыг шийдвэрлэхдээ хийх ажил, хэрхэн шийдвэрлэх арга замаа торхойлох

Тухайн нэг асуудлыг шийдэхэд ганц нэгхэн ажил гарахгүй бөгөөд тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд бүхий л салбар чиглэж ажиллавал тодорхой үр дүнд хүрэх юм. 
  1. Ажилгүйдэл
    • Ажилгүй иргэдийг ажилтай болгоход шаардлагатай ажлын байрын тоо хэмжээг гарган, тэдгээрийг аль аль салбарт шингээх болон ямар мэргэжил боловсролтой байх шаардлагыг гаргах
    • Шаардлагатай ажлын байрыг бий болгох дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих
    • Шинээр бий болох ажлын байранд шаардлагатай ажилчдыг бэлтгэхэд их дээд сургууль, коллежуудийг бодлогоор дэмжих, илүүдэлтэй мэргэжил олгодог сургуулиудад татаас болон оюутнуудад нь өгдөг тэтгэмжийг багасгах
    • Ажлын байр ихээр бий болгох гадаадын хөрөнгө оруулалтыг татвар болон бусад арга замаар дэмжих
    • Ажлын байрыг нэмэгдүүлэхэд шаардагдах дэд бүтцэд хөрөнгө оруулах
    • Ажилгүйдлийн тэтгэмжийн талаар хуулинд өөрчлөлт оруулан ажил идэвхитэй хайж байгаа боловч ажил олдохгүй байгаа хүн байнгын тэтгэмж авах боломжтой болгож, ажил санал болгосон тохиолдолд ажил хийхээс цааргалсан тохиолдолд тэтгэмж өгөхийг болиулдаг системтэй болгох. 
  2. Орон сууцны асуудал
    • Орон сууцтай болоход шаардлагатай ДЦС, цэвэр бохирын байгууламжийг байгуулах
    • Бага орлоготой иргэдэд зориулсан хямдхан түрээстэй, жижиг талбайтай байшин олныг барих
    • Компаниуд өөрийн ажилчдад зориулсан орон сууц барих аваас тухайн ажлыг төрийн зүгээс авч болох олон арга замуудаар дэмжих
    • Газар чөлөөлөхтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэх арга замыг хурдан шуурхай тодорхой болгох. 
    • Төрийн хүнд суртлыг багасгах
    • Барилга байшин барихад шаардлагатай хөрөнгө оруулалт олох арга механизмуудыг дэмжиж ажиллах
    • Эцэст нь урьдчилгаа төлөхгүйгээр байр худалдан авах боломжийг бий болгох
  3. Эрүүл мэнд
    • Эрүүл мэндийн даатгалын системийг боловсронгуй болгох
    • Ард иргэдэд үйлчлэхэд хүрэлцэхүйц хэмжээний эмнэлгүүдийг байгуулах
    • Эрүүл мэндийн чиглэлээр дээд боловсрол эзэмшдэг сургуулиудыг чанарыг сайжруулах
    • Эмч, эмнэлгийн ажилтнуудыг цалин хөлсийг өсгөх
    • Спортын секц дугуйлан, фитнес төв, бясалгал, иогийн газруудыг бодлогоор дэмжих
    • Спортын заал, танхимын тоог нэмэгдүүлэх
  4. Боловсролын чанар
    • Монгол орон даяар хүрэлцээтэй цэцэрлэг, дунд сургуулиудыг барих, байгуулах
    • Багшийн мэргэжлээр төгсгөдөг сургуулиудын чанарыг сайжруулах
    • Багш нарын цалин хөлсийг өсгөх
    • Дунд сургуулийн сургалтын системийг өөрчилж, академик боловсрол болон дүнг чухалчлахаас илүүтэйгээр зөв хүмүүжил олох, гадаад хэлний мэдлэг, ерөнхий чадвар (илтгэх, найруулан бичих, харилцааны ур чадвар гэх мэт), ерөнхий мэдлэг (нийгмийн мөн чанарыг танин мэдэх), эрүүл чийрэг бие бялдартай болох, урлаг, спортын чадвараа хөгжүүлэх чиглэл рүү хөгжих хэрэгтэй.
    • Дунд сургуулийн сурагч өөрийн сонирхсон чиглэлээ гүнзгийрүүлэн судалж тухайн чиглэлээрээ багш нарын заавар зөвлөмжийн дагуу өөрийгөө хөгжүүлээд л байхад гадаадын томоохон их дээд сургуульд элсэх чадвартай болдог тийм л системийг хөгжүүлэх хэрэгтэй.
  5. Амьдрах орчинг сайжруулах
    • Ногоон байгууламж болон явган хүний зам, цэцэрлэг саадыг ихэсгэн салхитай үед шороо шуурах, хувцас, машин гэх мэт зүйлс амархан бохирдох явдлыг байхгүй болгох
    • Байшин барилгын гадаад өнгө үзэмж болон гадаад орчинд стандарт тогтоон цэвэр үзэмжтэй болгох
    • Бүхий л гудамжийг гэрэлтэй, аюулгүйн камертай болгох
    • Гадна орчинг цэвэрлэх систем, чанарыг сайжруулах гэх мэт олон л арга хэмжээ авч болно. 
  6. Агаарын бохирдол
    • Нэгэнт л иргэд бүгд орон сууц, амины орон сууцанд орж дууссан тохиолдолд утааг багасгах нэрийдлээр их мөнгө зарах шаардлага аяндаа багасна.
Гаргах гэсэн санаагаа олигтой ч гаргаж чадаагүй мэт санагдаж байгаа ч нэлээн их юм бичиж чилээсэн байна шүү. Эцэст нь энэ бүх зүйлээ багцлаад хэлэхэд
  • Улс орны төсөв буюу бидний мөнгийг хэрэггүй зүйлд үрэхгүй байх
  • Улсыг хөгжүүлэх ямар нэг төрлийн үйл ажиллагааг явуулахдаа асуудлыг шийдвэрлэх кэйс болгон салбараар нь буюу кластераар нь харан шийдлийг олж байх
  • Бүхий л яамд, төрийн байгууллага, бизнесийн байгууллага, ТББ-ийн үйл ажиллагаа хоорондоо хөгжлийн төлөөх уялдаатай байх
  • Судалгаа шинжилгээг нарийн сайн гүйцэтгэж байх
  • Үйл ажиллагааны үр ашиг хамгийн өндөртэйгээс эхлэн тэр зүйлд хөрөнгө оруулж байх
За ямартай ч энэ нийтлэлийг ингээд дуусгая. Дөнгөж анхлан бичигч тул алдаа мадаг ихээр гарган үзсэн зүйлс бага, сурсан эрдэм дутуу тул ийм сэдвээр бичих шаардлагагүй ч байсан байж мэдэх. Гэхдээ л энэ бүхэн эцэстээ зүгээр л миний хувийн блог шүү дээ. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.



















No comments: