Tuesday, December 17, 2013

Монголын бүх цаг үеийн шилдэг 10 хип хоп уран бүтээлч

Саяхан дэлхийн бүх цаг үеийн шилдэг 10 реппер гээд үзэж байгаад гэнэт яагаад монголын шилдэг 10 хип хоп уран бүтээлч гэсэн жагсаалт байдаггүй юм бол гэж бодов. Топ 10 яг байраар нь жагсаавал хэн хэн байж болох вэ гэсэн бодол төр өдөртөө арилсангүй. Шөнө хүртэл нойр хүрэхгүй бодож Хар Сарнайгаас авахуулаад Рокит Бэй хүртэл бүхий л монголын нэртэй реп хамтлаг, болон соло уран бүтээлчдийг сонсов. Нас насны төлөөлөл болсон найз нөхөд болон ах дүү нараасаа санал асуув. Гадны вэб сайтуудын жагсаалтыг хэрхэн гаргасан талаар судлав. Ингээд миний бие хүмүүсээс авсан судалгаа болон өөрийн гаргасан шалгуур үзүүлэлтийн тусламжтайгаар монголын бүх цаг үеийн шилдэг 10 хип хоп уран бүтээлчийг шалгаруулах ажилдаа орлоо. 

Хамгийн эхний ээлжинд монголдоо од болж байсан уран бүтээлчдийг жагсааж бичив. Нийт 23 уран бүтээлчийг гаргаж ирсэн бөгөөд тэднийг тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр оноо өгөн гарсан дүнг харьцуулан жагсаалтыг гаргаж ирсэн болно. Шалгуур үзүүлэлтийг дурдвал дууны үг бичих чадвар (сүүл холбох болон утга санаа), үглэх чадвар, хит болсон дуунууд, хэв маяг, фэнүүд, хип хопод оруулсан шинэ өнгө аяс, олон нийт дэх нэр хүнд, анхдагч байдал, уран бүтээлчийн философи, бүтээлч байдал гэх мэт шалгууруудаар үнэлсэн болно. Ингээд үр дүнд гарсан жагсаалтыг сонирхуулъя.

Хүндэт гишүүд /Топ 10-т багтаагүй боловч ороход багахан хувь дутсан уран бүтээлчид/

Мөнхийн реп 


Мөнхийн реп хамтлаг нь тухайн үедээ хүүхэд залуучуудад хайрын олон хит дуунуудаараа од болж байлаа. Орчин үеийн Outlaw, Flash гэх мэт хайрын дуугаар дагнасан олон хамтлагуудын анхдагч байсан гэж хэлж болно. Тэднийг шүтэн биширдэггүй байсан ч гэсэн дууных нь үг хүн бүрийн аманд аялагдаж, Лхагваагийн уянгалаг хоолойтой дахилт хүн бүрийн анхаарлыг татаж чаддаг байв. Хайрын эзэн, Зөөлөн гуниг, Хавар боллоо хайртдаа оч гэх мэт олон хит дууг гаргаж байсан билээ.

Vanquish


Vanquish хамтлаг нь эрч хүчтэй, өөдрөг, донжтой, хотын маягийн стильтэй бөгөөд энэ нь шинэ үеийн залуучуудад маш ихээр таалагддаг юм. Байж байж байгаад томоохон хит дууг бидэнд сонирхуулдаг бөгөөд хамтлаг гэхээсээ илүү гишүүд нь хувиараа уран бүтээл туурвих нь их байдаг. Hood (хамт. TG, Gee, Desant), Хакуна матата (хамт. Opozit, TG), Он цаг хугацаа (хамт. Ундак) гэх мэт хит дуунуудтай.

Click Click Boom


CCB-ийнхан бол "Дайн ба Энх" болон бусад ижил төрлийн хамтлагуудын мөрөөдөл байсан тэр л репийг хийж чадсан. Гангста, болон шүүмжлэлт өнгө аясыг тэд тууштай баримталж байсан ч масст таалагдаж чадсан. Хэн нэгэн энийг хийхийг олон хүн хүлээж байсан. Эцэст нь тэд чадсан. Цаашид ч илүүд хүрч чадах потенциал бий. Битгий шаа, Буруу газар зөв цагт, Homie гэх мэт хит дуунуудтай.

Quiza


Quiza нь Люминог дисс хийж олны танил болсон боловч монголдоо анхдагч хип хопчдын нэг. Дисс хийж олонд танигдах моод нь түүнээс эхлэлтэй ч гэж хэлж болох бөгөөд өөрийг нь дисс хийж өөрийгөө бусдад таниулсан уран бүтээлчид ч олон гарч ирсэн. Түүний хип хоп нь тухайн үедээ бусдаас өөр байсан бөгөөд энгийн үг хэллэг болон өөрийнхөө амьдралыг дуундаа шингээж дуулах гэх мэт олон зүйлийг анх гаргаж ирсэн гэхэд болно. Явж байсан замаараа цааш тууштай явсан бол илүү нэр хүндэд хүрч чадах байсан хип хопчин боловч тэгэж чадаагүй. Чи бүхнээс илүү, Таавар мэт, Хийморийн сан гэх мэт хит дуунуудтай.

Цэцэ


Цэцэ нь одоогийн хип хопын өнгө төрхийг тодорхойлж буй 3 реппэрийн (Gee, Rokit Bay, Цэцэ) нэг юм. Тэрбээр өөрийн дотоод сэтгэл, амьдралаа дуун дээрээ агуулж хэлэх нь олонтаа байдаг бөгөөд заримдаа цоглог, ихэмсэг, доргио дууг сайн хийж чаддаг. Түүний хамгийн том чадвар нь үг бичих чадвар. Түүгээрээ өөрийн гэсэн хэв маягийг бий болгосон. Сүүлийн үед тэрбээр муугүй продюсер гэдгээ харуулаад байгаа бөгөөд Дөлгөөний шинэ уран бүтээлүүдээс харагдаж байгаа юм. Цаашид амжилтанд хүрэх потенциал өндөртэй уран бүтээлч. Бөртэ Бүжин, Лобха, Найз гэх мэт хит дуунуудтай

Rokit Bay


Rokit Bay бол яг одоогийн байдлаар хамгийн амжилттай яваа реппэр. Түүний кареер магадгүй дөнгөж эхэлж байгаа учир бүхнийг хэлэхэд эрт байгаа учир эхний 10-т орох болоогүй байгаа юм. Түүний дууны клип (Эвдэрхий хүн) youtube-д монголын хамтлаг дуучдаас хамгийн түрүүнд 1 сая удаа үзэгдсэн юм. Түүний үглэх хэв маяг бусдаас тэс ондоо бөгөөд стилээрээ бусдаас илт ялгардаг. Дуулах сэдвийн хувьд ч өөр хэв маягийг оруулж ирсэн. Нэг өдрийн хаан, Эвдэрхий хүн, Бид хоёр гэх мэт хит дуунуудтай.

S&I


S&I хамтлаг нь "Ice Top" хамтлагийн 2 гишүүн нь байгуулсан хамтлаг бөгөөд тухайн үед стиль имиж, эрч хүч болон дууныхаа өвөрмөц байдлаар бусдаас ялгарч байсан. Жишээ нь "Итгэлээ нээ, сэтгэлээ нээ" гэдэг дууг анх сонссон их олон хүн гадаад дуу байна гэж бодож байсан нь харуулна. Бараг л гаргасан дуу болгон нь хит болж байсан тэд удалгүй "Ice Top" хамтлагтайгаа буцаж нэгдсэн юм. Магадгүй тэд S&I-тайгаараа л  үлдсэн бол тэд өдийд энэ жагсаалтын эхний 10-т элсэж орох байсан гэж бодож байна. Намайг сэргээсэн хайр, Итгэлээ нээ сэтгэлээ нээ, Мөнгө гэх мэт хит дуунуудтай.

Монтареп


Монтареп буюу Монголын танхай репчид нь монголын хип хопын анхдагч хамтлагуудын нэг юм. Хайрын болон шалиг дуунуудаараа ихээхэн алдартай бөгөөд явдалтай эмэгтэйчүүдийг шүүмжилсэн дуунуудаараа ч бас алдартай. Тус хамтлагаас Хаагий гарч "Ice Top"-д орсон нь хамтлагийн хүчийг ихээхэн сулруулж байсан юм. Бидний үеийнхний хүүхэд насны дурсамжинд тодорхой орон зай эзлэх хамтлаг юм. Унтдаа унт, Нараа Сараа, Сүүлчийн шөнө гэх мэт хит дуунуудтай. 

Топ 10-аа одоо танилцуулж эхлэе

10. Опозит


Опозитийн дууны үг бусдаас үнэхээр өвөрмөц байж чаддаг бөгөөд ямар нэгэн зүйлд баригдаагүй мэт мэдрэмжээ илэрхийлж чаддаг. Өөрсдийн гэсэн фэнүүдтэй болж чадсан нь анзаарагддаг. Нэг хэсэг "Шоо" гэдэг нэрээр Болдоор продюсерлүүлж байсан боловч Опозит нэрээ буцаж авч дахин уран бүтээл хийх болсон. Одоогийн байдлаар тус хамтлаг нь тарсан боловч буцаж нийлээсэй гэж хүсэх хүмүүс маш олон байдаг. X-Oyu-L, Байгаагүй, Метроны буудлын утасны бүхээг гэх мэт хит дуунуудтай.

9. 2 хүү


"2 хүү" хамтлаг нь монголдоо анхдагч хамтлагуудын нэг бөгөөд анх "Дайн ба Энх"-ийн Мсит анх хамтлаг байгуулахыг нь дэмжиж нэрийг нь өгч байсан гэдэг. X-эр нь "Дайн ба Энх"-ийн бүрэлдэхүүнд байсан бөгөөд Гаванатай нийлж хамтлагаа байгуулж байсан юм. "2 хүү" хамтлаг нь тухайн үедээ стиль имижээрээ илт ялгардаг байсан бөгөөд тэдэнтэй дүйцэх хоолой, хэв маягийн одоогийн хип хопчид гаргаж ирж чадаагүй л байна. Тэд хүрч чадах потенциал амжилтандаа хүрч чадаагүй мэт санагддаг. Сонс чи за юу, Дуртай өдөр, Энэ бол би гэх мэт хит дуунуудтай.

8. Gee


Gee бол монголд гангста реп чиглэлийг тууштай баримтласан ч олны танил болж чадсан хип хопчин юм. Гэр хорооллоос гаралтай тэрбээр хараалын үг их хэрэглэдэг гэж хэлэгдэн олны хэл амны бай болж байсан. Магадгүй Gee хамгийн сайн дисс хийдэг реппер байх. Монгол реппер гэж өөрийгөө нэрлэсэн нь шүүмжлэл болон алдар нэр аль алиныг нь авчирсан гэхэд болно. Амьдрах хэв маяг болон өөрийн яриа, ярилцлагаараа олны талархлыг давхар хүлээдэг. Монгол реппер, Юуны төлөө, Пизда гэх мэт хит дуунуудтай.

7. Дайн ба Энх


Монголын хип хопын анхдагчдын анхдагчийн нэг юм. Зарим талаараа тэднийг монголын хамгийн анхны хип хоп хамтлаг гэдэг нь тэд анх монголд хип хоп гэдэг тодорхой ертөнц бий болгоход маш их хувь нэмэр оруулсан бөгөөд цаашид гарах олон хип хоп уран бүтээлчид тэдний гаргасан замаар замнасан юм. Өөрсдийн стильдээ маш үнэнч байсан бөгөөд тэдний дуу цаашдын хип хопчдод үлгэр дуурайлал болж байдаг юм. Тэд монголын хамгийн анхны хип хоп цомгуудын нэгийг гаргаж байсан. Зарим дуугаа Чойномын шүлгээр бүтээсэн байдаг бөгөөд Чойномыг маш их хүндэлдэг гэдгээ олон удаа илэрхийж байсан. Тэдний хувьд дахиад хэсэг хугацаанд оршин тогтнож чадсан бол илүү олон хүнд хүрэх байсан боломжтой. Үнэндээ тухайн үед тэднийг сонсоход нийгмийн сэтгэл зүй бүрдээгүй байсан гэхэд болно. Хүрч чадах байсан потенциалынхаа хагаст нь ч хүрч чадаагүй гэхэд болно. Залуу насанд, Зогсолтгүй, Хэрээ мэд гэх мэт хит дуунуудтай. 

6. Guys 666


Тэд бол монголын хип хопын анхдагчдын нэг юм. Магадгүй СУИС-аас гаралтай, монголын рок поп хэмээх ертөнцтэй их ойр байдаг учраас хип хоп хамтлаг гэхэд олон хүнд толгойд нь ордоггүй байж мэдэх. Тэд л хамгийн анх бадгийг нь үглэж, дахилтыг нь дуулдаг стилийг хамгийн хүчтэйгээр гаргаж ирсэн. Эмзэгхэн хайр, Хөөрхөн охин (хамт. Сүнс) дуунууд нь тухайн үедээ мега хит болж байсан ба тэдний араас Люмино, Ice Top гэх мэт хамтлагууд тухайн форматаар дуунуудаа гарган хит болгож байлаа. Тэдний дуу уянгалаг яруу байхаас гадна клипний чанар, жүжиглэлт нь бусад хамтлагуудыг бодвол нэг алхам урд байдаг байв. Эмзэгхэн хайр, Хайрын бүжиг, Чамдаа зориулъя гэх мэт хит дуунуудтай.

5. Дижитал


Дижитал хамтлаг нь хип хоп дууг нийгмийн масст хүргэхэд маш том хувь нэмрийг оруулсан юм. Тэдний дуу нь ихээхэн сонсголонтой байдаг учраас зөвхөн хүүхдүүд гэлтгүй нас тогтсон хүмүүст ч дуунууд нь таалагддаг байв. Хит дууг хэрхэн хийх вэ гэдгийг Дижитал хамтлаг нь бүрэн утгаар нь үзүүлж чаддаг. Хэдэн жил уран бүтээл хийхгүй завсарлага авсан ч дахин уран бүтээл хийхэд тэдний орон зай сонсогчдод үнэхээр үгүйлэгдэж байсан нь анзаарагдсан юм. Чамдаа, Уучил хайрт минь, Гандан буурахгүй гэх мэт хит дуунуудтай.

4. Хар сарнай


"Хар сарнай" хамтлаг нь монголдоо яалтачгүй анхдагч хип хоп уран бүтээлч юм. Хамгийн анхны хип хоп дуунуудыг гаргаж олон нийтийн чихийг репэд бэлдэж байсан юм. Тэд монголдоо хамгийн анхны CD-г хэвлүүлж байсан. Хип хоп хөгжмөөс гадна поп, техно чиглэлээр дуулж мөн дуулахын хажуугаар бүжиглэдэг тэд жинхэнэ шоумэнүүд байсан юм. Хүүхэд байхад мань мэтийн гэртээ хөгжимгүй жаалууд тэдний дууг ханатлаа сонсож үзэхийг мөрөөддөг байсан юм. Шөнийн охин гэдэг дуу маш олон хүмүүсийн хамгийн анх үглэж сурч байсан дуу байх. Шөнийн охин, Тийм биз дээ, Бүтээнэ сөнөөнө гэх мэт хит дуунуудтай.

3. Люмино


Люмино энд гарч ирэв. Тиймээ тэд гарч ирснээр монголд хип хоп цоо шинэ, бүр цоо шинэ түвшинд очсон. Хүүхэд бүрийн аманд "Бүтэлгүй хайр" салахаа байсан үе байсан. Тэд маш олон хит дууг бүтээж чадсан. Тэдний клип үнэхээр онцгой шилдэг байдаг байсан. Тэд бол анхдагчдын нэг. Тэд бүх төрлийн хип хоп дууг хийж үзсэн. Бүх л төрлөөр хит дууг хийж чадсан. Нэгэн хэсэг мартагдах нь уу гэтэл "Сэнбий" дуугаараа дахиж гарч ирэв. Тухайн дуу нь хоёр утгыг нэг дор багтааж чадсан нь тэдний чадварыг илтгэж байгаа хэрэг. Тэд яахын аргагүй монголын хип хопын ноён оргилуудын нэг. Бүтэлгүй хайр, Намайг дагаад цэнгэ, Энд гарч ирэв гэх мэт хит дуунуудтай.

2. Ice Top


Тэд хамгийн олон хит дууг гаргаж чадсан уран бүтээлчид. Бидний үеийнхний хүүхэд насны маш олон дурсамж "Ice Top" хамтлагтай хамт өнгөрсөн гэхэд болно. Тэдний дуунууд маш их эрч хүчтэй, маш гоё сонсголонтой, гишүүн бүр нь өөрийн гэсэн хэв маягаар үглэдэг, ер нь л биднийг уйдаадаггүй байсан гэхэд болно. "Уйлах эрхгүй хайр" дуу нь тухайн үеийн "Хит" хөгжмийн нэвтрүүлгийн хитийг хамгийн удаан хугацаагаар тэргүүлж байсан юм. Хэдийгээр гадаад дууны ая хамгийн ихээр хусдаг байсан ч тухайн үед ихэнхи хип хопчид ая хусдаг байсан учраас зөвгөхөөс өөр аргагүй мэт. Тэдний 2 гишүүн нь хамтлагаасаа хэсэг гарч тусдаа уран бүтээл хийхэд ямар их амжилтанд хүрч байсныг бодоход л энэ хамтлагийн хэр чадвартайг илэрхийлнэ. Тэд яахын аргагүй монголын хип хопын мөсөн оргил. Энэ миний хайр, Уйлах эрхгүй хайр, Саак гэх мэт хит дуунуудтай.

1. Татар


Тэдний бидэнд үзүүлдэг байсан хип хоп бол дэндүү сайн байсан. Тэд анх гарж ирэхдээ хэт коммершиал чиглэлээр гарч ирээгүй. Тэдний хайрын дуунууд ч цаанаа л нэг ондоо байдаг байв. Тэд маш олон хит дуунуудыг гаргаж чадсан. Монголоос хамгийн анх хилийн чанадад цомгоо гаргаж чадсан хип хоп хамтлаг. Хип хоп хамтлагуудаас монголдоо хамгийн анх фэн клубтэй болсон хамтлаг. Сонор студи монголын хип хоп хамтлагуудаас сонгож продюсерлэхэд тэднийг л сонгож байсан. Тэдний үглэх хэв маяг нь цааш цаашдын олон репперүүдийн даган дуурайх стиль болсон. Цаанаасаа л нэг даацтай уран бүтээлчид. Хайрыг хүндэл, Хүн хүнээрээ бай, Чамдаа өгсөн хайр гэх мэт хит дуунуудтай.

Ямартай ч жагсаалтаа гаргаж дууслаа. Энэхүү жагсаалтыг гаргахын тулд олон хүнээс санал асуухад янз бүрийн санал гарч байв. Мэдээж хүн бүрийн санаа бодол өөр ч гэсэн ерөнхий хандлагаас дээрх жагсаалт гарсан болно. Ирээдүйд ийм жагсаалт гарагахад олон өөрчлөлт гарах нь тодорхой юм. Учир нь одоо цаг үед нэрд гарч буй репперүүд их зүйл бүтээн туурвиж, мөн олон нийтийн сэтгэл зүй өөрчлөгдөж, бүх цаг үеийн шилдэгийг тодорхойлох хэмжүүрүүд өөр зүйл болж хувирч болох юм. Эцэст нь анхаарал хандуулж залхууралгүй уншсан та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа.

3 comments:

Ноно ах said...

mmmm iim hiphopchid bdg bjee

Unknown said...

Mash ih sudalgaanii vndsen deer setgelee shingeej iim saihan niitlel bichsen admindaa gyalaalaa minii huwid TATAR yahiin argagvi nomer 1 gdgt sanal niilj bna. Amjilt!

Unknown said...

Mash ih sudalgaanii vndsen deer setgelee shingeej iim saihan niitlel bichsen admindaa gyalaalaa minii huwid TATAR yahiin argagvi nomer 1 gdgt sanal niilj bna. Amjilt!