Friday, December 6, 2013

Оюунлаг Монгол ба Влад

Саяхан Влад Кадони гэх Оросын алдарт хар шидтэн, Сибирийн "шулам"-ын хүү Монголд ирээд явжээ. Ирсэн шалтгаан нь Налайхын зам дээрх хүний цусаар хооллогч муу ёрын сүнсийг номхруулж, Баянхошуу дахь оршуулгын газар үхэгсэдтэй ярилцах зорилготой. Ирсэн даруйд нь монголчууд сүйд майд болж, хамаг л мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхлэх нь тэр. Налайхад очоо л цусаа ханаа л, тахиагаар өргөл бариад л бараг л кино шиг юм болсон юм байх. Үүнд нь баярласан Налайх дүүргийн засаг даргын тамгийн
газар, удирдлагууд түүнд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзжээ. Энэхүү үйл ажиллагааг "Оюунлаг монгол" ТББ (зарим сайтууд дээр "Оюунлаг язгууртан" гэж бичсэн байв) зохион байгуулжээ. Нэрийг нь харахаар л өмнөөс нь ичээд нүүр улайгаад байх юм. Хэн нэгэн биднээр шоглоод ч байгаа юм шиг.

Та минь ээ. Ийм сэтгэлгээний түвшинд бид оччихсон юм гэж үү дээ. Өөрснөөсөө ичихгүй байна гэж үү. Зүгээр л нэг реалити шоуны од монголд хүрч ирээд баахан жүжиг тавиад явахад бид хуйгаараа хуйларч л байдаг. Өмнө нь бас тэдгээр шоуны одод монголоор ирж баахан л юм болж байсан. Тэгээд үр дүнд хүрсэн юм уу. Мехди анх ирэхэд монголын олон томчуул очиж үзүүлж л байсан. Түүнээс Мянганбаяр хүртэл уулзаж орд газрын тухай асууж л байсан. Одоо тэгээд Мянганбаяр хямралаасаа гарч чадаагүй л байна. Фатима Хадуева ирээд монголд байхгүй өндөр үнээр лекц зохион байгуулж л байсан. Бодохоор л инээд хүрээд байх юм. 

Хүүхэд байхад тохиолдсон явдал минь яг энэнтэй адилхан. Бага ангид байхад манай нэг найз сүнс дууддаг, би өмнө нь Чингис хаан, Сүхбаатар жанжин нартай уулзсан гэж гайхуулаад та нар хэнтэй уулзмаар би та нарт сүнс дуудаж өгий гэж байж билээ. Би ч муу эмээтэйгээ л ганц уулзаад ганц үг солиод авбал гэж маш их хүсч байж билээ. Тэгээд харанхуй орцонд лаа асаагаад баахан зан үйл болж байж билээ. Тэгсэн чинь юу ч болдгүй ээ. Тухайн үед гэхдээ их л чухал уур амьсгал бүрдэж байсан юм. Тэгээд л хүлээгээд байсан чинь айлаас нэг том хүн гарч ирээд "хүүе та нар чинь юу хийж байгаа юм" гэхэд нь бид нар юмаа хураагаад зугтаагаад явчиж билээ. Тэр найз маань гарч ирээд хэлэхдээ "яг ирэх гэж байсан чинь хүн гарч ирээд сүнснүүдийг зугтаалгачихлаа, дараа нь би та нарт дуудаж өгнө өө" гэж хэлээд л мартагдаж байж билээ. Жоохон том болоод тэр талаар бодох тутам л инээд хүрдэг юм. Сайхан залдаг золиг байсан шүү тэр найз маань. 

Энэхүү нийтлэлийг яг бичье дээ гэж бодож байтал нөгөө шидтэн маань гэртээ харьсны дараахан Налайхын замд томоохон осол болсон. Дахиад л хэн нэгэн биднээр шоглоод ч байгаа юм шиг. Удахгүй ийм үйл явдал болсныг хэн ч тоохгүй мартана. Тэгээд л тун удахгүй яг нэг иймэрхүү "монгол солиорол" дахиад л гарна. Бид уг нь болж өнгөрсөн үйл явдлаас сургамж авч дахиад ийм тэнэг юм хийж нэр нүүр, оюун санаагаа сэвтээмээргүй л санагдах юм. 

Уг нь үнэхээр л Налайхын зам дээрх ослыг бууруулмаар байсан юм бол, үнэхээр л "Оюунлаг Монгол" юм бол тэд ийм юм хийхийнхээ оронд Налайхын замыг засах, хурд сааруулагч хийх, анхааруулгын төрлийн өөр ямар нэг үйл ажиллагааг хийж болох л байсан шүү дээ. Гэхдээ яг тийм үйл ажиллагаа хийж байсан бол Налайхын удирдлагууд хүлээж авч уулзах байсан болов уу?









No comments: