Wednesday, November 27, 2013

Хүүхэд насны хайр "Шүлэг #1"

Хэдэн жилийн өмнө шүлэг бичих дуртай байж билээ. Шүлэг ч гэхэд бас хэцүү л дээ 4 мөрт маягийн юм бичдэг байсан. Одоо бол бичих сэдэл төрөхөө больчжээ. Явцгүй гэдгээ л мэдсэн байх :-) Энд тэнд явжагад алга болчхоос нь өмнө блог дээрээ бичиж хадгалахаар шийдлээ.

Энэ бол миний хамгийн анх бичиж байсан шүлэг байна. Тухайн үедээ бас дурламтгай цус байсан байгаам шүү хаха. Таалан болгооно уу.


Уйтгарлан гуниглаж суухдаа 

Нар чамайг халууцуулчихвий гэж ээдэг
Салхи чамайг дааруулчихвий гэж салхилдаг
Би чамайг алдчихвий гэж хайрладаг

Нартай үед хувцсаа нимгэлэн, хөлс гарна, нар буруутай
Салхитай өдөр мөрөө хавчин, хувцсаа давхарлана, хавар буруутай

Халууцдаг
Даардаг
Алддаг

(Чамайг улам ихээр хайрлах тусам, чи надаас холдоно, би буруутай)

○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○

Хаа ч гэсэн дагах юм сүүдэр чинь
Хааяа ярилцаж сэтгэлээ уудлах юм даа
Хармаар санагдаад дуудахад тэр л хажууд минь байх юм
Хайртай болжээ тэр надад, би тэрэнд

○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○

Хайртай гэдэг үгийг сэтгэлээсээ мянгантаа бархиравч
Хормын үг нь ч чамд хүрээгүй ахул…
Хоосон хаданд хүрэх мэт ажээ.
(Цуурай минь надад сонсогдоно)

○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○

Борооноор гуниг шивэрч, гунигийг угаана
Бут модонд хэрэг болно
Ангасан сэтгэлд бороо орж, цангааг тайлахад
Амьдралд хэрэгтэй байжээ

○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○

Бидний хооронд юу ч болоогүй ээ, гэгээн
Бие биенээ биш, би чамайг харсан сэтгэл л байсан
Бүх юм эхлээ ч үгүй мөртлөө дууссан ч
Бүр юу ч болоогүй нь миний болоод чиний аз ч юмуу

○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○


Огт байгаагүй хайрын тухай дуулжээ
Одоо ч түүний тухай шүлэг бичигдэнэ
Сэтгэлдээ хэлсэн минь хайр болж
Сэм сэмхэн бадарч явжээ
Харанхуй орчинг гэрэлтүүлэгч чиний сүүдэр
Халуун нарыг халхлагч чиний гялбаа
Бодит болоогүй тэр бүхэн
Бодолд минь надтай хамт амьдарсан

○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○

Биелээгүй хайр, бүтээгүй хүсэл
Битүүхэндээ мөрөөдөж бодит бус ертөнцөд амьдарна
Болоогүй, байгаагүй бүхэн
Бодит оршихуйтай будаггүйгээр мөргөлдөнө

○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○

Хайрыг галтай зүйрлэжээ, улаан өнгөтэй
Гунигийг бороотой зүйрлэжээ, хөх өнгөтэй
Дэндүүхэн хайр гунигийг дагуулан бороо ороход
Гал унтарч, халуун намдаж даарна

○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○ ○○○

Чиний тухай шүлэг бүхэн хайрын шүлэг болж
Чин үнэнч хайр чиний өмнө өвдөг сөхөрнө
Чиний дүр зэрэглээ болж, сэтгэлээс гарахад
Чи биш хайр надад үлдэнэ


No comments: