Monday, January 20, 2014

2013 оны эргэцүүлэл, 2014 оны зорилго

Он гарахын өмнөхөн хүн болгоны толгойд энэ онд юу болж өнгөрөв, би юу олж авав, шинэ ондоо юунд хүрэхэв гэж эргэцүүлдэг байх. Зүгээр нэг бодоод орхихоор мартчих ч юм шиг, бас ирээдүйд өөртөө ямар зорилго тавьж байж вэ гэдгийг олж харвал сонин байх юм шиг санагдсан учраас бичиж үлдээхээр шийдэв.

2013 он ямар жил болж өнгөрсөн бэ?
1. Ухралт!!!
2013 оны 4-р сард миний бие Мобикомоос гарав. Нэгт ажилдаа дургүй, хоёрт илүү боломж гарсан учраас ажлаас гарсан ч надад амалж байсан амлалт, гарч ирсэн боломжууд бүгдээрээ юу ч үгүй хийсч алга болов. Ганцхан сарын дотор баяжих гэсэн санаархал минь ч биелэхгүй болж, ажил ч үгүй, бүр юу ч үгүй болов.
2. Ухаарал :)
 Ажилгүй, амьдралгүй болсон би олон зүйлийг бодож тунгаав. Янз бүрийн л зүйл хийж үзэв. Амьдралын утга учрын тухай, ямар ажил хийвэл аз жаргалтай байх тухай, амжилтанд хүрч, мөнгө, алдар нэр олохын тулд юу хийх ёстой гэх мэт. Олон ч хүний амьдралыг ажиглав, олон ч хүнтэй уулзаж үзэв. Миний боддог, хүсдэг, төлөвлөж байсан зүйлс яг үнэндээ миний хүсч жинхэнээсээ хүсч мөрөөдсөн зүйлс биш болж хувирав. Тэгээд маш их нухацтайгаар өөрийнхөө талаар, яаж амьдрах ёстой талаар бодов.
3. Хайр
Хэдийгээр богинохон хугацаанд хамт байсан ч үнэхээр их сэтгэл догдлуулсан охинтой танилцсан юм. Танилцсан нь ч тэр, анх үерхсэн нь ч тэр надад их армаантик санагддаг юм. Магадгүй салаад бүхнийг би ойлгосон байх. Ямартай ч би эндээс хэн нэгнээр хайрлуулахын тулд өөрөө чин сэтгэлээсээ хайрладаг байх, уужуу ухаантай байх, өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэдгийг ойлгож авсан. Тэр охиндоо үргэлж баярлалаа гэж хэлмээр санагддаг юм.
4. Өөрчлөлт
Өсвөр наснаас хойш анх удаагаа зан чанар өөрчлөгдөж эхэлж байгаагаа анзаарч эхлэв. Амьдралын зорилго, амьдрах зарчим минь ч өөрчлөгдөв. Баяжих, алдар нэр, албан тушаал, эрх мэдэлтэй болох тухай бодохоос аль болох зайлсхийж, юу хийж амьдарвал өөрийнхөөрөө, зорилготой, утга учиртай амьдрах тухай боддог болов. Амжилтанд хүрэхийн тулд юуг ч хамаагүй хийхийн оронд өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч амьдрах нь кайфтайг ойлгов. Үйлдлээ цэгнэж, хүнд эвтэйхэн харагдах гэж худлаа зан гаргадаг байснаа больсноос хойш эрх чөлөөг мэдэрч эхлэв.
5. Эрүүл мэнд
2005 оноос эхлэн миний бие муудаж өдийг хүртэл багаас их хүртэл өвдөж явдаг байв. Магадгүй 2013 онд хамгийн ихээр бие сайжирсан жил байв. Зүрх болон үе мөчиндөө орсон байсан хоолойны махаа авахуулав. Зүрхэндээ эмчилгээ хийлгэв. Гүнзгий амьсгаа авч үзэх хичнээн сайхан байсан гэж бодож байна :)

Баярлалаа 2013 он минь. Олигтой зүйл хийж бүтээгээгүй ч олон зүйлсийг ойлгож авлаа.

2014 онд би юуг зорьж байгаа вэ?
1. Фитнес
Хөдөлгөөний дутагдал болон илүүдэл жинтэй болсон миний бие ажил хийх идэвхи болон бүтээмжийг бууруулж байгаа хамгийн чухал хүчин зүйл гэж үзэв. Тийм учраас фитнесээр идэвхитэй хичээллэн дор хаяж 10 кг хасан, зөв галбиртай болох нь зүйтэй гэж үзэв.
2. Бизнес эхлэх
Өдийг хүртэл амьдралын минь хамгийн том зорилго өөрийн гэсэн бизнестэй болох байж. Яг үнэндээ одоог хүртэл олж чадсангүй. Энэ ондоо хийх бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж байна. Ихээхэн ашиг олох зорилгогүйгээр, би ийм зүйл хийлээ гэсэн бахархалтай үлдэхээр, Ийм зүйл хийх нь хөгжилтэй байлаа гэж бодохоор, олон зүйлсийн эхлэл байхаар, маш том туршлага болохоор байхад л болно. Мөн ойрын 10 жилдээ хийх бизнес санаа оноогоор өөрийгөө цэнэглэх болно. Дэмий зүйлд цагаа зарцуулахаас илүүтэйгээр өөрийн хийх бизнесийнхөө төсөл төлөвлөгөөг гаргаж суух болно. Айхтар цаг зарцуулахгүй ч маш үр ашигтай цагуудыг зарцуулна гэж ойлгож болно.
3. Ажлын туршлага
Амьдралын шаардлагын дагуу ажиллахаас өөр аргагүй болов. Хэдий хугацаанд ажиллах эсэх нь хамаагүй ч ажиллаж байх хугацаандаа өөрийгөө хөгжүүлж авах, компанидаа үр ашигтай ажиллах, санхүүгийн бэрхшээлээс бага багаар гарах нь чухал юм. Ямартай ч ажиллавал ажилласан шиг ажиллана гэж бодож байна.
4. Хайр сэтгэл
Зорилго гэхээсээ илүү хүсэл бас өөртөө тавих шаардлага гэж ойлгож болох юм даа. Эмэгтэй хүнд чин сэтгэлээсээ хандах, өөрийгөө хичээхээс илүүтэйгээр нөгөө хүнээ бодох, эмэгтэй хүнд хүндэтгэлтэй харьцах гэх мэт нь өөртөө тавьж буй шаардлага юм. Гэвч бас нөгөө талаар эмэгтэй хүнээс болж сэтгэл санаагаар унах, амжилт бүтээлийн ардаас алхаж явахад бүтэлгүй дурлал учирсан ч хазайхгүй байх гэх мэтийг аль болох сэтгэлдээ хичээж хатамжилж явах нь маш чухал байгаа юм. Эмэгтэй хүн ирж л байдаг, явж л байдаг. Тэднийг хайрлах гэж бид заяагдсанаас биш гомдох гэж оршдоггүй гэж бодож байна :)
5. Англи хэл
Англи хэл, англи хэл, англи хэл. Хараал идсэн англи хэлийг ядаж нэг шат дээшээ ахиулж чадахгүй бол би дахиж хэзээ ч англи хэл сурна гэж өөртөө зорилго тавихгүй. Жил өнгөрөөд байхад л англи хэл сайжрахгүй яг нэг хэвэндээ, бараг зарим талаараа муудаад ч байх шиг мэдрэмж төрөөд байх юм. Сүүлдээ бүр стресс болох шинжтэй. Тийм учраас энэ жил хэлний курст явах, бие дааж ном, сурах бичиг дээр ажиллах, кино үзэх, англи хэлээс нийтлэл орчуулах, англи хэл дээрх вэб хэрэгслүүдийг ихээхэн ашиглах гэх мэт зорилгуудыг тавьж байна.

За ер нь ингээд л болоо юм даа. Нээх сүртэй зүйл хийж бүтээгээгүй 2013 оныг өнгөрөөчихөж, 2014 онд ч гэсэн өөртөө ахадсан том зорилго тавих гэж бодсонгүй. 2014 он дуусахад яг нэг ийм төрлийн нэг пост бичиж үр дүнгээ эргэцүүлж шинэ зорилго тавих болно. Баярлалаа 2013 он минь. Сайн байна уу 2014 он минь :)

No comments: