Thursday, November 21, 2013

Архинд орсон, дараа нь фэйсбүүкд орсон

Монголчуудын дийлэнхи олонхи нь ядуу амьдардаг. Үүнд олон шалтгаан бий ч архидан согтуурах дуртайгаасаа болоод амьдралаа алдсан нь олон бий. Гэр бүл бүрт нэг архичин байдаг гэдэг дээ. Бидэнд тийм ч хол сэдэв биш.

Архинд орж амьдралаа алдах нь шилжилтийн үед түгээмэл ажиглагдсан. Соцализмийн үед архи нь ихээхэн ховор хомс бараа байсан болохоор архи нь ихээхэн нэр хүндтэй бөгөөд хичнээн дурласан ч уух боломж нь хомс байж. Харин бүхий л зах зээл нээгдэн хүмүүс
хувиараа архи үйлдвэрлэх бололцоо олдмогц архиний хэрэглээ улс даяараа өсчээ. Нэгэнт боломж нь хомс боогдмол хэрэгцээ нэг задрахаараа бүгд шунан дурладгийн дагуу бүх үйл явц өрнөсөн байна. Архи уусны маргааш ажлаа хийдүүлэх цаашлаад ажлаа тасалж явсаар маш олон хүн ажлаасаа хөөгдсөн. Үнэндээ архины хамгийн том хор хөнөөл нь хүний ажлын бүтээмж, ажил хийх дур сонирхлыг буруулдаг нь л байсан юм. Ажил нь бүтэлгүй хүн л ууртай байж, гэртээ хариад агсан тавьж, эхнэр хүүхдээ зовоодог шүү дэээ. Одоо харин нэг үеийг бодвол хүмүүс архи согтууруулах ундааг ууж хэрэглэх соёл давгүй болжээ. Маргааш ажилтай учир уухгүй гэх нь ихэсч, уусан ч согттолоо бус халтлаа уугаад л орхих нь ихэсчээ. Хэдийгээр хэрэглээ нь нэмэгдсэн ч нэгэн үеэ бодвол хүний амьдралд нөлөөлөх нөлөөлөл нь багассан байна.  

Архи гэдэг дайсанд ялагдан живэх нь живж, тааруулж хэрэглэх нь хэрэглэж, жигших нь жигшээд монголд нэг үеийг бодвол байдал харьцангуй тогтворжсон байна. Гэвч бидний залуу үеийнхэнд дахиад нэг архитай дүйцэхүйц дайсан гарч ирсэн байна. Архитай нийтлэлд хамтад нь дурдаж буй учир нь яг л архитай адилхан нөлөөтэй учраас тэр юм. Энэ бол интернетийн замбараагүй хэрэглээ буюу сошиал нэтворк, онлайн тоглоом, хэрэгтэй хэрэгтэй мэдээллийн бөөгнөрлийг хэлж байгаа юм. Хамгийн сонгодог жишээ бол фэйсбүүк юм. Фэйсбүүкт нэг ороод эхлэхээр бид өдөрт дор хаяж 1 цаг ороод суучихдаг болчихдог. Өглөө сэрээд хамгийн түрүүнд фэйсбүүк орно, ажил, хичээлийнхээ хажуугаар фэйсбүүк орно, гэртээ хариад фэйсбүүк орно, аягүй бол унтахдаа бүгдээрээ сайхан амраарай гэж фэйсбүүк дээр бичээд унтана. Энэ хүүхэд залуучуудын нэлээн хувь нь амьдралынхаа 5-20 хувийг, чөлөөт цагийнхаа 15-60 хувийг фэйсбүүк болон түүнтэй ижил төрлийн /твиттер, юүтүүб гэх мэт/ онлайн ертөнцөд өнгөрөөдөг болжээ. Бидний тархи хэрэггүй дэндүү их хогон мэдээллийг эндээс авч, үүнээсээ шалтгаалан тархинд ачаалал өгөн ажил хичээлдээ анхаарлаа хандуулах чадвар жилээс жилд муудаж байна. Гэр бүлдээ ч цаг гаргаж чадахгүй улам хөндийрч байна. Найзуудаараа уулзахад утсаа ухаад суучдаг хүмүүсийг бид ч өөрснөө сайн мэднэ дээ. Гэртээ байхад тэр нь үр хүүхдэд нь ямар хүндээр тусах бол. Архинд орсон хүнийг таних амархан, бүгдийн нүдэнд ил байдаг бол энэ сошиал ертөнцөд живж ажил амьдралаа бага багаар алдаж байгаа хүнийг таних амаргүй. Бүх юм алгуур аажуур явж байгаад нэг л мэдэхэд бид амьдралынхаа маш их цаг хугацааг алдсанаа нэг л өдөр ухаарах болно. Харин тэр үед хэдийнэ оройтсон байх вий. 

No comments: