Tuesday, November 26, 2013

Залуу хүний заавал унших 100 ном

Заа нэг сайхан ном унший гэж бодов оо. Зөвлөгөө авмаар санагдаад гүүгл орж "унших 100 ном" гэж хайв. Хамгийн эхний илэрц нь "mongolnom" гэсэн гоё нэртэй вэб сайт дээр "Залуу хүний заавал унших 100 ном" гэсэн нэртэй нийтлэл байв. Хөөх, би бараг хайснаа оллоо гэж бодоод орлоо. Дашрамд хэлэхэд Монголын Лектор төвийн гаргасан жагсаалт юм гэнэ.

Хоукинг "Цаг хугацааны товч түүх", Дарвин "Зүйлийн үүсэл"-ээр эхэлж байна. Зүйлийн үүсэл гэх мэт номыг заавал унших шаардлагатай билүү гэж бодлоо. Зүгээр л аймар лаг номнууд болохоор нь зарим нэг номыг хийгээд байгаан биш байгаа гэж бодлоо. Бид чинь хэзээнээс аймар лаг гээд сонсцон юмаа хэрэггүй байсан ч, мэдкү байсан ч гэсэн бишрэн хүндлээд сурцан шүү дээ. Стивен Ковэйгийн 7 8 дадлууд гараад ирлээ. Яахав байж болох юм. Гэхдээ ийм листэнд байхад тийм их тохиромжтой билүү гэж бодлоо. Тэгээд явж байтал хамгийн том аймшигт зүйлтэй, энэ нийтлэлийг бичих сэдэл төрүүлсэн аймар зүйлтэй нүүр тулгарав. Номын жагсаалт цаашаа хэрхэн хөвөрсөн гээч.

"Шинжлэх ухаан танин мэдэхүй" гэсэн хэсэг дотор нь Л.Оюун-Эрдэнэ "Алсын хараа", Ц.Оюунгэрэл "Америкт суралцсан тэмдэглэл" гээд ороод ирлээ. Бурхан минь гэж, залуу хүн гэж нэрлэгдэхийн хувьд энэ 2 номыг би бүр заавал унших ёстой юм байх даа. Хэтэрхий дайрсан янзаар хэлж байгааг минь уучлаарай.  Би энэ листийг уншиж эхлэхийнхээ өмнө энэ 100 номыг уншихгүй л бол би болохгүй номнууд байгаа гэж бодож байлаа. Энийг уншиж байгаа та надтай санал нэг байна уу. Энэ 2 номыг заавал унших ёстой гэж үү. Энэ ч явцгүй лист болж байна гэдгийг мэдсэн ч цаашаа үргэлжлүүлж уншихаар шийдлээ.

"Улс төр, эдийн засаг" гэдэг хэсэг рүү орж ирлээ. Обама, Клинтон нарын сурталчилгааны маягийн номууд явж байна. Би ч гайхахаа больцон л доо одоо. Нэг юмыг сануулахад энэ номнуудыг нь бүр мияа гээд байгаам биш шүү. Энэ чинь бараг төгс 100 номны лист байх ёстой учраас л ингээд байгаа юм. "Их улс төр дэх хүйс" гэдэг ном орж ирлээ. Улс төр нь ч сонирхол алга байхад бүр хүйс заагаад нарийвчилж ирж байна. Бас "унших" л ёстой байх л даа. Ингээд явж байтал миний битгий байгаасай гэж бодож байгаа төрлийн номнууд ороод ирлээ.

"Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам", "Харвардын бизнесийн сургуульд юу заадаггүй вэ", "Монголын авъяаслаг бизнесменүүдийн нууц". Гэхдээ яахав ийм төрлийн ном 3хан байна. Сүүлдээ ингэж тайвширдаг боллоо. Мөнгө тойрсон монгол мөрөөдөл л юм даа. Баяжих, аймар баяжих, хагартлаа баяжих, бүр аймааааарррр их баяжсаар байгаад алхаж ч чадахгүй болтлоо задартлаа баяжихийн төлөөх номнууд яахын аргагүй монголдоо бестселлэр, заавал унших ёстой ном л доо.

За ингээд энэ листийн хамгийн сүүлийн "лаг" ном бол "Уран зохиол" дотор байгаа Шүүдэрцэцэгийн "Шүрэн бугуйвч" байлаа. Цаана нь байгаа "Урлаг, гоо зүй", "Гадаад хэл, компьютер" гэсэн катеогориудыг харах үнэндээ сонирхол төрсөнгүй.

Нээрээ энэ жагсаалтыг "Зориг" сангийн залуу манлайлагчид "Лектор"-уудтай хамжиж байж гаргасын гэнэ лээ шүү. Энэ жагсаалт яахын аргагүй сайн л жагсаалт байх ёстой. Би "алдсан" л байж таарна.

Би ингэж сүрхий "гайхан" шүүмжлээд байгаа нь нээх айхтар ном уншдаг гэсэн үг биш шүү. Зүгээр л надад номны талаар зарим нэг "үнэ цэнэ"-тэй үнэт зүйл байдаг юм.Ялангуяа шилдэг бөгөөд "заавал"-ын хүрээнд. Тэгээд юу байхын гэж надаас асуугаач. Би мэдкүэ. Ядаж Вилгельм Хауфын "Шпессарт дахь буурчийн газар", Рыбаковын "Арабатын хүүхдүүд", Толкиений "Бөгжний эзэн", Роулингийн "Харри Поттер", Набоковын "Лолита", Дюмагийн "Монте Кристо Гүн" гээд номнууд орсон бол их л сайхан байлаа. Нэг үзэл бодлыг тулгаад л байдаг болохоор ийм жагсаалтанд орох шаардлагагүй гэж бодож байсан Буддын философийн номнууд, Библи, Айн Рэндийн номнуудыг оруулцан байсан бол амьд жагсаалт болох байж.

Залуу хүн бид аль нэг хүний намтар, баяжих цадиг, аймар лаг хүн болох зөвлөгөө, уншаад ойлгохгүй, ойлгоод ч хэрэггүй лаг онолын ном уншихыгаа "заавал унших" жагсаалт болгох нь бас харамсалтай л санагдаж байна. Харин цаанаасаа л уншихад уншицтай, цаашаагаа ургаж төсөөлөгдөө л байдаг, уншсаныхаа дараа юмыг арай олон талаас хардаг, төсөөлөл дунд живдэг, жаргахдаа жаргаж, гунихдаа гунидаг тийм л гоё номнууд уншвал гоё биш юм уу. Ялангуяа дээд 100 жагсаалт нь.

За тэгээд гадаадын жагсаалт харлаа. Би бараг хайснаа оллоо гэж бодлоо. Даан ч ихэнхи нь монгол хэл дээр байдаггүй юм байна :(

1 comment:

Unknown said...

бас ч үнэний ортой л юм шүү. залуу хүн гэхээр л унших ёстой биш дээ эдгээр элдэв номнуудыг :D