Wednesday, November 20, 2013

Хаягдсан үеийнхэн

Дөнгөж сая хэдэн жилийн өмнө Баабарын бичсэн Завсрын үеийнхэн, Алдагдсан үеийнхэн нийтлэлийг уншлаа. Тэгээд өөрийн толгойд бидний үе яг аль үе вэ гэдэг бодол орж ирлээ. 90-ээд онд хүүхэд байсан үеийнхэн шүү дээ.

Бидний үеийнхэн ихэвчлэн эцэг эхээс 1-3ула байдаг. Амьдрал хэцүү болоод хүүхэдтэй болох улам багассан үе. Эцэг эх нь наймаа хийдэг, ажил ихтэй гэртээ мөд харьдаггүй,
харьсан ч Халтар царайт, Хятад Солонгос сериал үзээд хүүхэдтэйгээ харьцдаггүй байсан тийм л үе. Эцэг эхчүүд нь хэлэхдээ бидний үед бол бүр эцэг эхчүүд нь бүр хүүхэдтэйгээ дуугарах ч сөхөөгүй гэртээ харьдаггүй их ажилтай байсан үе гэх. Гэхдээ тэр үеийн хүүхэд дор хаяж 4 ах дүүтэй нэг нэгнийгээ харж хандаж өсөж том болцгоосон байдаг. Харин бидний үед 8 настай хүү нярай дүүгээ хараад гэртээ ганцаараа үлддэг тийм л орчинд өссөн.

Миний хэлэх гэсэн санаа бага ч гэсэн гарсан байх гэж бодож байна. Бид бол хаягдсан үеийнхэн. Яагаад ингэж бодогдсон гэдгээ цааш нь улам нэмж тайлбарлая.

Би анх Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь уншиж байсан санаанаас гардаггүй юм. 1, 2-р ботиных нь хуудас бүрээс соцализм үнэртдэг. Анхны сурах бичгүүдээ санаж байна. 4-р ангид үзэж байсан түүхийн хичээлийн ном 1988 оны хэвлэлт байсан юм. Хүүхдүүдэд зааж сургадаг ном товхимол, том хүмүүс бүгдээрээ соцалист системээсээ бүрэн гараагүй байсан бөгөөд бидний огт мэдэхгүй, ойлгохгүй хэлээр ярьдаг байсан юм. Бидэнд ямар ертөнцөд амьдарч байгаа, юу хийж, яаж амьдрах талаар олигтой зөвлөөд хэлчих хүнгүй зөнгөөрөө өссөн үеийнхэн.

Бидний үеийнхэн яг одоо 20-30 настай байгаа. Яг хийж бүтээж эхэлдэг нас. Ажилд дөнгөж орж байгаа болон ажил хийгээд тогтворжиж байгаа үеийнхэн. Зарим нь хувиараа бизнес эрхлэхийн бөөн хүслэн болж яваа нь ч бий. Гэвч одоо бидний үеийнхэнд боломж байна уу. Ажил хийгээд явахад өөрийнх нь захирлууд өөрөөс нь дээд тал нь 10-аар ах захирлууд /Шинээр гарч ирсэн нийгмийн чиглэлийн мэргэжлүүдэд голцуу/. Тэр хүмүүс тэтгэвэрт гартлаа захирлаа хийнэ гэвэл бид хэзээ дэвших вэ? Хувиараа бизнес эрхлэхийн тулд бид яах ёстой вэ? Дэлгүүрт талх хүрэлцэхгүй байна, гоё шоколад байхгүй байна гээд л гаднаас оруулаад ирэхэд цөм хийчихдэг тийм бизнес үлдсэн үү? Байхгүй гэж хэлэхгүй ч тийм олон байгаа юу? Зүгээр л анхдагч байсан учраас бүхнийг авдаг үе бидний үе эхлэхийн өмнөхөн дуусчихсан. Баяр болоод бялуугаа хувааж идээд дуусгачихсан. Бид үйрмэгэн дээр л алаан болж байна шүү дээ.

Хүмүүжилгүй, хяналтгүй, хариуцлага муутай, биеэ давуулж үнэлсэн. Энэ бол бидэнд өгч буй томчуулын үнэлгээ. Орчин үеийн хүүхдүүд ийм тийм гэж ирээ л эхэлнэ. Бид эртний санаа амар сайхан нийгмийг үзээгүй, бид дөнгөж эхлээ л амжилт олчих бизнес, улс төрийн боломжин дунд байгаагүй. Гэхдээ бид өөрсдийгөө үнэхээр чадвартай болгож, гайхамшигтай санаа оноо олж, маш их хөдөлмөрлөж амжилт олох болно. Дэлхийн хэмжээний бизнес эхлүүлэх энтрепренерүүд, улс орноо зөв залах улс төрийн зүтгэлтнүүд зөвхөн бидний үеэс л эхэлж төрөх болно. Анхаарал тавьсанд баярлалаа.

No comments: