Monday, January 5, 2015

Бүсгүй минь дотроосоо гэрэлт

Үзэсгэлэн гоо эмэгтэй хүн... Одоо энэ үг надад өөр утга илэрхийлдэг болсон. Хичнээн царайлаг ч сонирхох юмгүй хоосон эмэгтэйг үзлээ. Царайлаг биш байсан ч хэнээс ч илүү сайхан байсныг одоо бодож тэр бүсгүйчүүдээ биширлээ. Хүн царайгаар биш оюун ухаанаар амьдардаг шүү дээ. Бид хичнээн царайнд татагдсан ч тэр царайны дотор байгаа хүнтэй л амьдарна. 

Нэг найз маань байдаг юм. Тэр тийм ч царайлаг биш охидтой үерхдэг байлаа. Намхнаас биш дажгүй л залуу. Тэгээд асуулаа. Зөндөө их хөөрхөн охин байхад амархнаар нь царай муутайтай нь үерхдэг юм уу гэсэн чинь "Хөгшрөөд бид бүгд л царай муутай болно шүү дээ. Надад сэтгэл нь чухал байдаг юм" гэж хэлж билээ. Би тухайн үедээ юу ч ойлгоогүй ч 6 жилийн дараа л түүний юу хэлэх гэснийг ойлгож байна. 

Ингээд л ярьж байсан чинь өвөөгийн тухай бодогдож байна. Өвөө минь Сүхбаатар аймгийн хүн. Хөдөө мал маллаж байхдаа л тэр хавьдаа царайлаг өөрөөсөө 10 дүү охиныг хараад энэ л миний эхнэр болох болно гэж хэлж байсан юм гэдэг. Тэгээд өвөө хотод ирээд оюутан болоод эхнэртэй ч болоод амьдарч байж. Нэг л өдөр хайртай байсан охин нь хотод оюутан болоод ирэхэд өвөө минь эхнэрээсээ салаад эмээ рүү минь тэмүүлж байж. Эмээгээ би мэднэ. Тэр хүн 4 5 жил хэвтэрт байхдаа хүний урманд ёолж ч үзээгүй юм. Үргэлж инээмсэглэдэг. Юунд ч бухимддаггүй, өдийг хүртэл эмээ минь надад төгс төгөлдөр эмэгтэй хүний төсөөлөл болж явдаг юм. Яг л тэр зан чанараараа өвөөг минь татаж, эхнэрээсээ салах хүртэл зориг гаргаж байсан байх. 

Эмэгтэй хүн зөвхөн царайлаг, гоё ааштай бусдаар бол авах юмгүй байна гээд бод доо. Нэг л тийм хөндий хоосон мэдрэмж. Царайлаг мөртлөө ухаантай, мэдрэмжтэй, сэтгэл сайтай, хүчирхэг эмэгтэй... Чамайг эрхлүүлэх үед дэндүү аз жаргалтайгаа мэдэрдэг, гомдох үедээ Шрекийн муурнаас ч өрөвдөлтэй нүд гарган сэтгэл сэвсэлзүүлдэг, ухаанаараа өөрт минь байгаа сул талуудыг эвтэйхэн ойлгуулчдаг, үргэлж намайг илүү ухаантай, илүү амжилтанд хүрсэн эр хүн болгодог, амьдрал хэцүү байсан ч гомдоллох биш хамтдаа босгох эрч хүчтэй, хүчирхэг эмэгтэй... 

Хэнээс ч хамаарахгүй дотоод ертөнцтэй. Ухаантай, мэдлэгтэй, боловсролтой эмэгтэй. Сайхан хөгжим сонсдог, юманд үнэн сэтгэлээсээ ханддаг. Миний сонирхдог зүйлийг үнэн сэтгэлээсээ сонирхдог, гэлээ ч өөрт нь сайхан санагддаг зүйлсээсээ буцдаггүй. Би тэр хүнийхээ мэдрэмж, сэтгэлийг урсгал ус шиг хүрч мэдэрч, хэзээ ч авч дийлэхгүй цонхны цаадах алмаз шиг хүсч тэмүүлэх болно. Тэрнийхээ дотоод ертөнцийг бүх л насан туршдаа мэрж, хэзээ ч дуусашгүй аз жаргал, хайрыг нь мэдэрч амьдрах юмсан. Яг ийм л эхнэртэй болох юмсан.

Дотоод ертөнцөд чинь дурласан залуу хэзээ ч чамаас явахгүй. Үүрд хайрлах болно...

No comments: