Monday, January 5, 2015

Миний мөрөөдлийн байшин

Бид бүгдэд мөрөөдлийн байшин байдаг. Хамгийн тав тухтай байдаг, хамгийн хайртай хүмүүстэйгээ цагаа өнгөрүүлдэг, хамгийн амар амгалан, аз жаргалтай газар бол бидний гэр. Бидний зарим нь тансаг шилтгээн шиг хаус, олон давхар гоё барилга доторх пентхауст амьдрахыг хүсч байхад, зарим нь амьдралдаа түүртэж ядраад паартай л бол хаана ч яахав гэж бодогддог болчихсон байдаг. Ямартай ч миний хамгийн бодох дуртай бодлуудын нэг бол өөрийн ирээдүйд амьдрах гэр байдаг.

Манайх 4 өрөө байранд амьдардаг байж билээ, Дарханд. Хүн бүр өрөөтэй, бүр өрөө ч илүү гардаг байлаа. Ээж минь Эрдэнэтэд яг адилхан угсармал 5 давхар байшингийн 3 давхарт 34 номерт (манайх ч бас Дарханд 3 давхарт 34 номерт оршин суудаг байлаа) амьдардаг байсан тухайгаа ярьж яг л ийм байранд хоёр хүүхэдтэй болоод жаргалтай амьдарнаа гэж боддог байсан тухайгаа ярьж байсан юм. Тэгээд мөрөөдөл минь биелсээн гэж ярьж байлаа. Би ч гэсэн Эрдэнэтэд очоод яг тэр байранд очиж ээжийгээ "Яг энд тоглож байсан даа. Яг энүүгээр явж байсан даа" гэж мэдрэхийг хичнээн зөндөө удаан харж билээ. Гэхдээ одоо бид хотод ирсэн. 2 өрөө лизингийн байранд дөрвүүлээ амьдардаг. Ээж минь одоо мөрөөдлөөрөө амьдарч чадаж байгаа бол уу. Мөрөөдлийнх нь байранд буцаагаад амьдруулчих юмсан. Тэнгисийн ард, Ханын материалд яг адилхан угсармал 5 давхрууд байдаг юм билээ. 

Би амьдралдаа яг 3 байртай байх юм шиг санагддаг. Эхнийх нь жижиг 2 өрөө байх болно. Тэр гэртээ эхнэртэйгээ, хүүхдүүдийгээ жаахан байхад нь амьдрах болно. Гэхдээ магадгүй ганцаараа амьдрах магадлал нь илүү хугацааг авж мэдэх юм. Гэртээ амьдардаг амьдралын хэмнэл энгийн үед ажлаасаа тараад гэртээ ирээд нэг сайхан кино үзчхээд унтдаг байх юм. Тийм учраас гэртээ хамгийн сайн зурагтнуудын нэгийг аваад дуугаралт сайтай гэрийн театртай болох юм. Маш тухтай, янз бүрээр тэврэлдээд хэвтэхэд тухтай буйдантай байх юм. Эхнэртэйгээ тэврэлдээд нэг сайхан кино үзчхээд л унтдаг. Ор маань өргөн бас их гоё модон хүрээтэй байна. Хөнжил нь аягүй том тэгээд зузаан тэврээд л баймаар тийм хөнжил байна. Гал тогооны тавилга маань мебелэн бор өнгөтэй, харахад гал тогоог биш том өрөөг харж буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц байх юм. Гал тогоонд илээр харагдах тогоо, хутганы тавиур гэх мэт байх шаардлагагүй юм. Маш цэвэрхэн харагддаг байх нь гоё. Ширээ сандал нь гал тогооныхоо тавилгатайгаа өнгө хоршиж харагдах юм. Нойлын өрөө маань цав цагаан, нээх гоё зөөлхөн зөөлөвч хөл доор байх юм. Гэрийнхээ шаланд том том хивс биш жижиг, тоос бага татдаг зөөлхөн хивстэй. Ханан дээр элдэв зураг наахгүйгээр цэвэрхэнээрээ, эхнэртэйгээ ярилцаж байгаад неон гэрлийг таазтайгаа ойрхоноор гоёор хийж болох юм. Мөн улаан өнгөөр асдаг бол гоё. 

Дараагийн байр нь овоо хөлөө олоод, хөлжөөд ирэхээрээ бариулах хаус байх юм. Загвараас нь авахуулаад барих бүхий л явцад нь өөрөө оролцох юм. Гал тогооны өрөө болон хоол идэх өрөө нь тусдаа, зурагт үзээд амардаг өрөө нь мөн л тусдаа байх юм. Гэрийн театрийнхаа дуугаралтын чанарыг нэмэгдүүлж тухайн үедээ л хамгийн шилдэг дуугаралтыг хийлгэх юм. Дуу хөгжим хэзээд миний сонирхол байх тул гэрийн студитэй тэндээ өөрийгөө болон хүүхдүүдээ бичээд л сууж байх юм. Найзуудаа дуудаж хамтлаг болж хөгжим бичээд л. Дэндүү сайхан байна байх даа. Фитнесийн бүхий л төрлийн төхөөрөмжүүдтэй өдөр бүр тодорхой хэмжээнд хичээллэж байх юм. Эрүүл байх нь амьдралын үндэс шүү дээ. Мөн усан бассейнтай байх юм. Магадгүй гэртээ бассейнтай болсныхоо дараа би сэлж сурч магадгүй шүү. Гадаанаа гоё гоё мод, бут тарина. Бүгдийг нь би гэр бүлийнхэнтэйгээ нийлж тарьж байх болно. Гаднаа жижигхээн цөөрөмтэй. Хажууд нь нарлаад суух саравчтай. Амралтын өдрөөр найзуудаа эхнэр, хүүхдүүдтэй нь хамт дуудаад шорлог шорж, хэдэн пиво уунгаа гэр бүлээрээ цагийг сайхан өнгөрүүлэх болно. Бас сагсны шийдтэй, тэрнийгээ хөлбөмбөгийн талбай ч болгочдог. Тэндээ хүүтэйгээ заримдаа өдөржингөө сагс тоглох болно. Аль болох орчин үеийн шийдэлтэй, харахаас хайр хүрэм тийм гоё байшинтай болно оо. Гэхдээ ийм байшинтай болохгүй ч байж мэдэх юм шүү хэхэ. 

Одоо хамгийн сүүлийн барилга. Энэ бол нэлээн хөгширчхөөд эхнэртэйгээ ч юмуу, ганцаархнаа байхад зориулагдсан байх юм. Аль болох хүн амьтнаас хол, тийм том ч биш, нэг давхар, хуучны загвартай, жинхэнэ ил зуухтай, тэрнийхээ өмнө дүүжин сандалтай. Гал асаагаад л хөгширсөн эхнэртэйгээ дүүжин сандал дээр савлаад л ганц нэг дарс хуваагаад ууж байна гээд төсөөлөөд үз л дээ. Тэгээд хуучин пянзаар жазз дуу тавиад эхнэрээ бүжиглэхийг уриад л. Энд эхнэр бид хоёроос өөр хүн ирэх тийм ч шаардлагатай биш. Хааяа ганцаараа ирж ном уншиж, магадгүй ном бичнэ. Нэлээн хөгширсөн хойноо, эхнэртэйгээ хүрч ирээд хоёулахнаа эндээ амьдарч гадаанаа цэцэг тариад л. Бараг л хөдөө газар байх тул гоё цастай байна.  Тэгээд л гадаа цас орох үед эхнэртэйгээ цасан хүн хийж тоглоод л. Цасан дээр би чамд хайртай гэж бичээд л. Жаахан дэггүй өвөө болох байгааз. 

Ингээд л төсөөлсөн чинь амьдрал ямар сайхан юм бэ. Нээх сайхан урам орчихлоо. Би энэ байшингуудаа бүгдийг нь өөрийн болгоноо. Төсөөлөх бүрт хайрлах хүн, төрөх хүүхдүүд гээд л... Амьдрал бүхлээрээ ямар сайхан төсөөлөгдөж байна. Бүтэх болноо. Бүгдэд нь аз жаргал хүсье :)

No comments: